Либертар үзэл

Орон орны Либертари нар нэгдэгтүн

Либертари тунхаг:

Энэ бол  ямар нэг улс төрийн нам, хүчний биш харин Иргэний Тунхаг юм. Жинхэнэ утгаараа тунхаг ч биш, эрх чөлөөт хувь хүн бүрийн амьдралдаа баримталдаг зарчим, амьдралынх нь хэв маяг болох ёстой тэр зүйл мөн. Зарлан
тунхаглаж буй хүсэл эрмэлзлэлийг маань аль нэг нам, улс төрийн хүчин өөрийн уриа, лоозун төдий зүйл бүү болоосой. Либертари үзэл нь хэн нэг хүний хувийн өмч бус, хэн ч энэ үзлийг судалж, эзэмшиж болно. Харин эрх мэдэлд тэмүүлж, бусдад зааж зааварлан, захиран тушаах хүсэлтэй хүмүүс  эзэмших ёсгүй. Либертари үзэл нь уг чанараараа төртэй /эрх мэдэлтэй/ харшилдаг. Тийм учраас жинхэнэ либертари үзэлтэй хүн улс төрч байж чаддаггүй, харин жинхэнэ улс төрч хүн либертари үзэлтэй байх боломжгүй. Одоо байгаа төрөөс аль болох хараат бус оршиж, өөрийн гараар хөдөлмөрлөж олсон хөлсөөр амьдардаг, эрх чөлөөг эрмэлзэгч, ухамсарт монгол иргэний хүсэл эрмэлзлийг чангаас чанга дуугаар зарлан тунхаглах цаг болжээ. Үүнийг л либертари тунхаг гэж байгаа юм. Либертари үзэл нь хувь хүний ухамсар, сайн дурын сонголт нь дээр тулгуурлаж байдаг тул эс таалагдах аваас хэнч гэсэн өөр зарчмыг амьдралдаа баримталж болно. Либертари тунхаг нь энэ чанараараа Коммунист тунхгаас ялгаатай. 
Либертари нийгэм
Бидний зорин эрмэлзэж буй нийгмийн байгууламж бол либертари нийгэм болно. Бид энэ нийгмийг хүн төрөлхтний эрэл хайгуул, зовлон шаналал, хөдөлмөр,
тэмцлийн үр дүнд бий болж, түүхээр шалгагдсан нийгмийн байгууламж гэж үздэг. Ардчилсан нийгмийн байгууламжийн олон хэлбэр дотроос либертари нийгмийг онцлон зорьж байгаа нь хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зорилготой холбоотой. Бид энэ нийгмийг улс төрчдийн явуулгаар бус иргэн бүрийн оюун санаанд аяндаа төлөвшсөн ухамсарт мэдлэг, эрх чөлөөт иргэд бид либертари нийгмийг байгуулах байгуулалтандаа олсон анхны ололт амжилтаа улам баталгаажуулж, коммунлаг-тоталитари үзэгдлийн өчүүхэн ч илрэлийг хэвшүүлэхгүй байхын төлөө тууштай зогсох болно.

Хувь хүн ба эрх чөлөө
Нийгмийн бүх харилцаа, эрх зүйн үндэс-суурь нь хувь хүн. Хувь хүн төрөлхөөсөө эрх чөлөөтэй бөгөөд тэр эрх чөлөөг хэн ч түүний дотор төр ч зөрчиж болохгүй. Хувь хүн бусдад хор хөнөөл учруулаагүй л бол түүний эрх эрх чөлөөг хязгаарлах өөр үндэслэл, шалтгаан байх ёсгүй. Хувь хүний эрх чөлөөний нэг л хязгаарлалт байх бөгөөд тэр нь бусад хүнд байгаа мөн тийм эрх чөлөө юм.
Хувь хүн өөрийгөө болон өөртөө хамаарах зүйлийг /өөрийн бие махбодь, оюун санаа, өмч хөрөнгө гэх мэт/ бүрэн мэдэж захиран зарцуулахдаа бусдаас зөвшөөрөл авах ёсгүй гэж үзэж байна. Хувь хүнийг нийгэм, төрийн зүгээс хянан цагдахгүй бөгөөд мөн түүнийг хамт олонч-коммунлаг үзлээр дарамтлах ёсгүй. Нэг ийм үг байдаг “Иргэнээ төр хардвал дарангуйлал, иргэн нь төрөө хардвал ардчилал” гэж. Хүн ямар үзэл бодол баримталж, ямар шашин шүтэх нь хувийн хэрэг байх болно. Хүний тархи- толгой дотор байгаа оюун санаа шиг хувийн шинж чанартай зүйл хаана байх вэ. Оюун санааны эрх чөлөө бол эрх чөлөөний хамгийн тод илрэл. Иймд хувийн шинжтэй зүйлд төр оролцохгүй байх хэрэгтэй. Хувь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэнд халдаж болохгүй. Энэ талаар хянаж цагдах аливаа оролдлоготой бүх иргэд тууштай тэмцэх ёстой.  Нийгэмд хувь хүний хариуцлага бол хамгийн гол зүйл. Хувь хүн бол төрийн ивээлээр оршин тогтож байдаг юм биш. Өөртөө хамааралтай зүйл дээр хувь хүн өөрөө л шийдвэр гаргах эрхтэй. Мөн хувь хүн өөрийн алдаа амжилт хоёрын эзэн нь юм. Тухайн хүн сайн дураараа зөвшөөрөөгүй нөхцөлд хэн ч түүний амжилтаас хуваалцах ёсгүй. Хувь хүн эрх чөлөөт нөхцөл байдалд гаргасан алдаагаа бусадтай хуваалцах юм уу, бусдад үүрүүлэх ёсгүй. Хариуцлагаа ухамсарласан ийм хувь хүмүүс манай нийгмийн хөгжил, цэцэглэлтийн бат суурь мөн.
Хувь хүний эрх
Хүний амьдарч байх хугацаандаа эдлэх ёстой бүх эрхийг тоочин бичих аргагүй. Хүний эрх нь нөхцөл байдлаас хамааран янз бүрээр илэрч болдог. Хүнд тоочин бичиж болохуйц цөөн тооны хэдхэн эрх байдаг юм биш /Монгол 
улсын үндсэн хууль  Монголын иргэдийн эдлэх бүх эрхийг тоочин бичих гэж оролдсоноороо дутагдалтай. Хүний эрхийг хязгаарлахыг оролдогчид л түүнийг түүчин бичиж, тэр хүрээнд хүний эрхийг хүлж баглахыг оролддог. Хүнд амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх гэсэн үндсэн эрхүүд байдаг бөгөөд эдгээр эрхийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн бусад тоо томшгүй олон эрх байж болно. Төр болон түүний хүчний байгууллагууд хүний үндсэн эрхийг ямар ч тохиолдолд зөрчиж болохгүй. Дайн нийт улс үндэстнийг дайрсан гай гамшиг гэх мэт онцгой нөхцөл байдалд хувь хүний зарим эрхийг хязгаарлаж, түүний өмчийг ашиглах зайлшгүй шаардлага гарах аваас заавал нөхөн төлбөр хийдэг байх ёстой.  Бид хувь хүний эрхийн дотроос өөрөө өөрийгөө мэдэх эрхийг хамгийн гол эрхийн тоонд оруулдаг. Их удирдагч, хаан, дарангуйлагч, эзэн, асар ухаантай хүн, маш сайхан сэтгэлтэй хүн гээд хэн ч байсан хувь хүний амьдралыг мэдэх эрх байхгүй. Тухайн хувь хүн ч  бусдыгаа мэдэх эрх байхгүй. Бүгд бие биенийхээ амьдралыг дээд зэргээр хүндэтгэж, халдашгүй дархан зүйл гэж үзнэ. Бидэнд ямар эрх байхгүй вэ гэвэл өөр шигээ эрхтэй хүмүүсийн эрхийг зөрчих эрх байхгүй. Энэ бол эрхээ эдлэхдээ бидний  баримтлах ёстой үндсэн зарчим мөн.  Бид хувь хүнд Монгол Улсын үндсэн хуулинд заагдсан үндсэн эрхийг эдлүүлэхээс гадна үндсэн хуулинд заагдаагүй хүний үндсэн эрхийг эдлүүлэх  тал дээр анхаарч ажиллах болно. Юуны түрүүнд  албадлагаар цэргийн алба хаалгах явдлыг зогсоох, цаазаар авах ялыг хүчингүй болгох эрүүгийн болон бусад хууль тогтоомжинд байгаа хүмүүнлэг бус заалтыг цуцлах тал дээр анхаарч байна.
Иргэддээ үйлчилдэг төр
Либертари нийгэмд төр нь хувь хүнд үйлчилж байх зориулалттай бий болсон нийгмийн институци байдаг. Иймд төрөөс хувь хүнтэй харьцахдаа минимум хэмжээг барих ёстой. Төр хувь хүний амьдралд хөндлөнгөөс оролцдоггүй хүмүүсийг хөрөнгөө юунд хэрхэн зарахыг зааж зааварладаггүй байх нт зүйтэй. Төрөөс гаргадаг элдэв төрлийн журамлалтыг хамгийн бага хэмжээнд байлгана. Иргэд өөрсдийн хийж чадах зүйлийг төрд даатгахаас аль болох зайлсхийх нь түүнийг “данхайхаас” сэргийлэх гол арга зам гэж үзэн энэ тал дээр үргэлж сонор сэрэмжэй байх шаардлагатай.  Бид хувь хүнд өөрт нь  хариуцлага ногдуулсан төртэй байхыг хүсэж байна. “Буянлаг төр” /эсвэл “Халамжийн төр” ч гэдэг юм уу / гэх мэт нэг хэсгээс авч нөгөө хэсэгт өгдөг төрийн үйл ажиллагааг бололцооны хэмжээнд бага байлгахыг зорино. “Үнэгүй хоол гэж байдаггүй” .  Төрөөс танд өгсөн ямар нэг зүйлийн төлбөрийг өөр хүн хийсэн байдаг гэдгийг бүх хүн ухамсарласан цагт бусдыгаа мөлжихөөсөө татгалзах болно. Хүн бүр өөрийгөө хариуцдаг байх нь төрийг минимум хэмжээнд байлгах нэг үндэс мөн. Нийгмийн аль нэг хэсэг, тусгай хүмүүст /танил талдаа/  төрөөс протекционизм үзүүлж “ивээн тэтгэх бодлого” явуулах нь нийгэмд байгаа бусад хүмүүсийг боолчилж байгаа хэрэг мөн. Нийгмийн аль ч салбарт монопольчлол байхыг төр хүлээн зөвшөөрч болохгүй бөгөөд өөрөө ч улс төрийн эрх мэдэл дээр тулгуурласан монополь тогтоож болохгүй.  Төр хувь хүний хүлээн зөвшөөрсөн тэр хэмжээнд оршино. Төрийн эцсий бөгөөд дээд зорилго  хувь хүний эрх чөлөө. Хувь хүн бол хэрэгсэл биш зорилго. Төр хувь хүнийг элдэв хүчирхийллээс   хамгаалах төдийгүй өөрөө түүнийг зөрчих ямар нэг илрэл  гаргаж болохгүй. Төрөөс хувь хүний эрхийг хязгаарласан, үл хүндэтгэсэн өчүүхэн төдий элемент агуулсан хууль тогтоомж батлах ёсгүй. Энэ утгаар нь хязгаарлагдмал эрхтэй төрийн тухай  ярих болно. Иргэд өөрсдийгөө хамгаалах, өөртөө үйлчлүүүлэх зорилгоор  төрийг бий болгодог. Харин төрийн үйл ажиллагаа амжилтгүй болдог шалтгаан бол тэр нь өөрийгөө бүтээгчийн хүсэл зоригийг харгалзахгүй, албадлага дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулдгаас болдог.     Хувь хүн, нийгмийн бүлгүүд бие биенээ хүлцэн тэвчиж байх ёстой. Өөрөөс нь өөр санаа бодол, хүсэл эрмэлзэлтэй байхыг хүлээн зөвшөөрөх нь иргэдийн үүрэг юм. Энэ нь өөрийгөө бусдаас дээгүүр тавиагүйн илрэл болно. Хүн бүр өөрийн сонгосон амьдралаар амьдрах эрхтэй бөгөөд бусдынхаа тийм эрхийг зөрчих ёсгүй. Эндээс эс түрэмгийлэх аксиом гарч ирдэг. Төр ч хүлцэн тэвчихүйн зарчим дээр ажиллах ёстой. Гэхдээ хүний эрхийг зөрчигч үзэл санаа үйл ажиллагааг / хулгай дээрэм, залилан мэхлэлт гэх мэт / эрүүгийн гэмт хэрэг хүлээн зөвшөөрөх ёсгүй бөгөөд эдгээр сөрөг үзэгдэлтэй эрс тэмцэл явуулах хэрэгтэй. Учир нь эрүүгийн аливаа үйлдэл аливаа үйлдэл өөрөө хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаа байдаг.
Төр иргэний харилцаа
Хувь хүний эрх, эрх чөлөөг юуны түрүүнд төр, иргэний хооронд ямар харилцаа байна вэ гэдгээр нь авч үзнэ. Иргэн хүн төртэй эн чацуу эрх бүхий  субъект мөн. Монгол улсын бүх хууль тогтоомжийг энэ чиглэлээр өөрчилнө. Иргэн төрөөс айсан байдалд байх ёсгүй. Төр хувь хүмүүсээс авсан мөнгө, тэдний олгосон эрх дээр оршиж байдаг тул хувь хүнээс дээр байх хуулийн хийгээд ёс суртахууны үндэслэл байхгүй. Төрийн албанд очсон хүмүүс жирийн иргэдээс илүү эрх мэдэлтэй болоогүй гэдгээ байнга санах хэрэгтэй. Тэд бидэнтэй яг адил эрхтэй. Сум, хорооны засаг даргаас авахуулаад УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч хүртэлх төрийн бүх албан тушаалтанууд иргэдээсээ гуйж байгаад дөрвөн жилийн хугацаатай ажилд орсон хүмүүс гэдгээ ухамсарлавал зохино  Ж.Дантоны хэлсэн  “улс төрч байснаас жирийн загасчин байсан нь дээр “/ учир нь улс төрчид хүний мөнгөөр амьдардаг бол загшасчин өөрийн мөнгөөр амьдардаг/ гэсэн энэ үг бидний зүгээс улс төрчидөд хардангуй хандах хандлагыг зөвтгөж байгаа юм. Төрийн оролцоо гэдэг  бол өөрсдийгөө иргэдээс дээгүүр таьсан эрхтэн дархтны оролцоо гэсэн үг. Ер нь хувь хүний эрх гэдэг бол нийгэмд эрхэлж буй албан тушаал, эд хөрөнгө, яс үндэс, хүйс, боловсрол, гарал угсаанаас үл хамаарах констант /тогтвортой, үл өөрчлөгдөх/ зүйл мөн. Баян хийгээд ядуу, албан тушаалтай хийгээд тушаалгүйгээр үл хамааран бүх хүн адил “Хүний эрхтэй” байдаг гэдгийг яс мах, цус хөлсөндөө шингэтэл ойлгосон байх шаардлагатай.  Хүний эрхийн тухайн ярьж байх үед илүү эрх дутуу эрх гэсэн ойлголт байх ёсгүй. Монгол хүн амьд байгаа цагт түүнд хүний эрх констант байх болно. Нийгэмд хувь хүмүүсийн амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байхад таатай нөлөө бүхий эмх журам байх ёстой бөгөөд тэр эмх журам нь төрийн албадлагын дор гэхээсээ илүүтэй аяндаа гарсан /тулган хүлээлгээгүй/ эмх журмын хүрээнд байхыг зохистой гэж үзнэ. Тулган хүлээлгээгүй эмх журам   нь хүмүүсийн өөрсдийнх нь хүсэл зориг дээр тулгуурлаж, нийгмийн амьдралаар шалгагдсан, иргэдийн эрх ашигт нийцсэн бат тогтвортой зүйл байдаг.

 
Хувийн өмч
   Хувийн өмч гэдэг бол зөвхөн нийгмийн чинээлэг хэсгийн хөрөнгө-мөнгөний тухай ойлголт биш. Бүх хүнд өмч буй. Хамгийн үгээгүй хүнд ч түүний махбодь, оюун санаа авьяас, хөдөлмөрлөх чадвар зэрэг зүйлс байдаг. 
Үүнийг өөрийнхөө төлөө ашиглах бололцоо, эрх хууль зүйн орчин байна уу, үгүй юу гэдгээр эрх чөлөө нь тодорхойлогддог. Түүнээс биш үг хэл-яриа лоозун, хуулиар эрх чөлөөг зарлах нь бодит зүйл биш. Хатуу боловч гарцаагүй үнэн бол хүний хэрэгцээ хязгааргүй бөгөөд тэр бүхнийг хангах нөөц бололцоо хүн төрөлхтөнд ямагт дутагдсаар ирсэн явдал мөн. Дутагдахуй нь хувийн өмчтэй байх шалтгаан болно. Бүх юм бүгдэд хүрэлцээтэй байсан бол хувийн өмч байх шалтгаан байхгүй.
   Иймд хувийн өмчийг шударгаар олж авах нь хувь хүний төдийгүй нийгмийн зүй ёсны илрэл болдог. Хувь хүн урьд нь хэн ч эзэмшиж байгаагүй зүйлд “хөдөлмөрөө шингээснээр” түүнийг өмчлөх эрхтэй. Улсын буюу нийтийн өмч гэдэг бол нийгэм дэх баялгийн хамгийн үр ашиггүй хэлбэр бөгөөд үнэндээ тэр нь хэний ч өмч биш байдаг.  Харин яван явсаар эрхтэн дархтнуудын өмч болдгийг бидний өнгөрсөн түүх харуулсан. Ийм учраас өмчлөх эрхийг хүний гол эрх гэж үзнэ. Хувь хүн өмчөө хэрхэн захиран зарцуулахаа өөрөө мэддэг байх ёстой. Энд хөндлөнгийн ямар ч төлөвлөлт, журамлалт, зохицуулалт байх ёсгүй. Иргэдийн захирагдах ёстой нэгэн зүйл байх бөгөөд тэр нь тухайн талууд хоорондоо сайн дураараа хийсэн гэрээ хэлцэл юм. Сайн дураараа  хийсэн гэрээгээ зөрчих нь хулгай, дээрэм хийхтэй адил. Хувь  хүний зарцуулсан хөдөлмөр, цаг хугацаа, авьяас чадварын үр дүн болох өмчид хэн ч халдаж болохгүй. Энэ үзэл санааны үүднээс татварын асуудалд хандах болно. Өгч байгаа хүний хувьд хулгайд алдах, дээрмдүүлэх, татваржуулахын аль нь ч  адилхан өөрийн хөдөлмөрлөж байж олсон эд хөрөнгө, мөнгөнөөсөө алдаж байгаа хэрэг. Цагаан цамц, зангиатай хүн цагдаа дагуулж ирээд авч байна уу, аль эсвэл түүнээс арай муухан хувцастай хүн ганцаараа байна уу гэдэг нь түүний хувьд огт ялгаагүй. Аль нь ч байлаа гэсэн татвар төлөгч л хохирч байна. Тэгээд ч  төр биднээс авсан мөнгөнөөсөө өөрийн тансаг хэрэгцээнд  зориулж маш ихийг авч үлддэг. Иймээс зөөлөн хэлэх юм бол хулгай, хатуухан хэлэх юм бол мөнгөнөөс нь авахын тулд ажиллуулж байгаа утгаараа боолчлол мөн.
Энэ хулгай, дээрэм жирийн хулгай дээрмээс юугаараа ялгагддаг вэ гэвэл хуулийн нэр нь дор хийгддэгээрээ ялгаатай. Энэ утгаараа хууль бол хүн төрөлхтний хамгийн өөдгүй ололтуудын нэг юм. Хууль бол төрийн багаж зэвсэг, түүний хүслийг гүйцэлдүүлэгч мөн.  Төр татвараар дамжуулан хувь хүний өмч, элдэв төрлийн хуулиар дамжуулан эрх чөлөө, амьдралд халдаж байна. Хувь хүн өмчөө алдвал урьд өмнө нь хийж бүтээсэн  зүйлээ алдаж байгаа учраас өнгөрснөө, эрх чөлөөгөө алдвал өнөөгийн амьдрал нь утга учиргүй болж одоогийн амьдралаа алдвал хойшдоо яаж амьдрахаа мэдэхээ больдог учраас ирээдүйгээ алдаж байгаа хэрэг. Иймд хүний оршихуйг цаг хугацааны гурван төлөвт утга учиртай байлгахын төлөө иргэн бүр тэмцэх ёстой.  Зах зээлийн журам буюу хөндлөнгөөс үл оролцох зарчмыг бид “нийгмийн хууль” гэж үзэж байна. Ер нь эдийн засагт  төрийн оролцоо  хамгийн бага байсан цагт бүтэлч байдал нь ихэсдэг.  Төрийн оролцоо буруу болох нь хожим илэрдэг бөгөөд түүний уршигт  үр дагаврыг ямагт жирийн иргэд үүрч байдаг. Төрийн оролцоог хамгийн минимум хэмжээнд байлгах бас нэг үндэслэл нь  энэ болно.
Философийн доктор Б.Батчулууны нийтлэлээс